Facebook Twitter

Усны тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

УСНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

/“Төрийн мэдээлэл”, 2012 он, №22/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Усны тухай хууль тогтоомж

2.1.Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“усны нөөц” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усыг;

3.1.2.“ашиглах боломжит нөөц” гэж усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд ашиглаж болох усны нөөцийн хэмжээг;

3.1.3.“усны сав газар” гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг;

3.1.4.“усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг;

3.1.5.”гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг;

3.1.6.“усны эх үүсвэр” гэж ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа усны нөөц болон гол мөрний урсац бүрэлдэх эхийг;

3.1.7.“рашаан” гэж физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач холбогдолтой байгалийн ус, шаврыг;

3.1.8.“рашааны орд“ гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг;

3.1.9.“онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;

3.1.10.“эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;

3.1.11.“хилийн ус” гэж Монгол Улсын хилийн шугамын дагуу буюу огтлон оршиж буй гадаргын ба газрын доорх усыг;

3.1.12.“усан сан” гэж усны нөөцийг хуримтлуулах, ашиглах зориулалтаар бий болгосон хиймэл нуур, хөв, цөөрмийг;

3.1.13.“усны барилга байгууламж” гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг;

3.1.14.“услалтын систем” гэж бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон газрын доорх ус хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан цогцолборыг;

3.1.15.“ус хангамжийн эх үүсвэр” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг;

3.1.16.“усны нөөцийн менежментийн төлөвлөгөө” гэж сав газрын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдмэл байдлаар зохицуулах баримт бичгийг;

3.1.17.“усны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж усны нөөцийн байгалийн үнэ цэнэ, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;

3.1.18.“усны нөөцийн хомсдол” гэж усны нөөц багасах, усны чанар, байгалийн үнэ цэнэ, өгөөж доройтохыг;

3.1.19.“усны бохирдол” гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлага өөрчлөгдөж, усны чанар доройтохыг;

3.1.20.“усны чанар” гэж усны чанарын стандартад нийцэх эсэхийг илэрхийлэх физик, хими, биологийн цогц шинж чанарыг;

3.1.21.“усны чанарын стандарт” гэж усны хими, физик, биологийн шинж чанарын үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэнд, усан орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэм хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг;

3.1.22.“бохирдуулах бодис” гэж хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг;

3.1.23.“аюултай бохирдуулах бодис” гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бодисыг;

3.1.24.“хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг;

3.1.25.“хаягдал усны стандарт” гэж усны бохирдлын эх үүсвэрээс гарч байгаа хаягдал усанд байж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг;

3.1.26.“ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт” гэж ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж болохыг тогтоосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтээс гарах хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг;

3.1.27.“ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;

3.1.28.“ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг;

3.1.29.“ус бохирдуулагч” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;

3.1.30.“усны тоо, бүртгэл” гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг;

3.1.31.“ус ашигласны төлбөр” гэж ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлөх төлбөрийг;

3.1.32.“ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг;

3.1.33.“ус бохирдуулсны нөхөн төлбөр” гэж хаягдал усны стандартаас хэтэрсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг;

3.1.34.“гол мөрний татам” гэж голын голдирлын эргээс эхний дэнж хүртэлх нугын зурвас бүсийг.

 

4 дүгээр зүйл.Усны нөөцийн нэгдсэн менежмент

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн.

4.2.Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана.

4.3.Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах зарчим баримтална.

4.4.Энэ хуулийн 21.1-д заасан мэргэжлийн байгууллага нь усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг хайгуул, судалгаагаар тогтооно.

4.5.Усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг усны нөөцийн зөвлөл батална.

4.6.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн усны нөөцийн зөвлөлийг байгуулж, дүрэм, бүрэлдэхүүнийг батална.

4.7.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө /цаашид “сав газрын менежментийн төлөвлөгөө” гэх/-г энэ хуулийн 4.4-т заасан ашиглах боломжит нөөцийн хэмжээг үндэслэн боловсруулна. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.8.Сав газрын менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.9.Гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг усны сав газар /цаашид “сав газар” гэх/ бүрээр байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

4.10.Энэ хуулийн 10.1.2-т заасан сав газар нь сав газрын захиргаатай байх бөгөөд сав газрын захиргааг мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.11.Усны нөөц нь экологи-эдийн засгийн үнэлгээтэй байна.

 

5 дугаар зүйл.Усны хайгуул, судалгаа

5.1.Энэ хуулийн 4.4-т заасан усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

5.2.Тодорхой бүс нутгийн гидрогеологийн болон гидрологийн хайгуул судалгаа, улсын зэрэглэлтэй хот, бусад хот, тосгон, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

5.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах бөгөөд энэ ажлыг захиалагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан усны хайгуул, судалгаа явуулсан байгууллага нь хайгуул, судалгааны ажлын дүнг усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулан, мэдээ, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

5.5.Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгаа явуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

 

6 дугаар зүйл.Усны хяналт-шинжилгээний сүлжээ

6.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.

6.2.Усны хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээ байнгын ажиллагаатай дараах хэсгээс бүрдэнэ:

6.2.1.улсын хяналт-шинжилгээний сүлжээ;

6.2.2.сав газрын хяналт-шинжилгээний нэгж;

6.2.3.аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын цэг.

6.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг баталж, мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд хяналт-шинжилгээний хөтөлбөрт усны сан бүхий газар, газрын доорх усны ордын нэр, хяналт-шинжилгээний харуул, өртөө, цооногийн тоо, байршил, шинжилгээний төрөл, арга зүй, хариуцан гүйцэтгэгчийг тус тус заана.

6.4.Энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан сүлжээ, нэгжийг тоног төхөөрөмжөөр хангах болон ажиллуулах үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

6.5.Усны хяналт-шинжилгээний дүн мэдээг гүйцэтгэгч улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

 

7 дугаар зүйл.Усны мэдээллийн сан, тоо бүртгэл

7.1.Улсын усны мэдээллийн сан нь гадаргын болон газрын доорх ус, рашааны төлөв байдал, орон зайн үзүүлэлт, усны нөөцийн нийт болон ашиглах боломжит хэмжээ, чанар, өөрчлөлт, хяналт-шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалт, хаягдал ус зайлуулахтай холбогдсон мэдээ, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус хэрэглэгч, ашиглагчийн тухай мэдээлэл, хайгуул, судалгааны тайлан, усны барилга байгууламжийн байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт зэрэг мэдээллээс бүрдэнэ.

7.2.Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.3.Усны тоо бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга жил бүр зохион байгуулж, улсын усны мэдээллийн санд оруулна.

7.4.Усны мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн улсын усны төлөв байдлын тайланг жил бүр байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.5.Ус ашиглагч, хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан сав газрын захиргаанд гаргаж өгөх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

УСНЫ ХАРИЛЦААНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН

БУСАД БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

 

8 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

8.1.Улсын Их Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг тогтоох;

8.1.2.томоохон гол мөрний урсацад тохируулга хийх, шилжүүлэн ашиглах асуудлыг шийдвэрлэх;

8.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

9 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

9.1.Засгийн газар усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг батлах;

9.1.2.хилийн усны талаар хөрш орнуудтай хэлэлцээр байгуулах;

9.1.3.усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах;

9.1.4.энэ хуулийн 8.1.2-т зааснаас бусад голын урсацад тохируулга хийж, усны хуримтлал бий болгох, шилжүүлэн ашиглах асуудлыг шийдвэрлэх;

9.1.5.усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах үүрэг бүхий үндэсний хороо ажиллуулах;

9.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

10 дугаар зүйл.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн

 захиргааны төв байгууллагын бүрэн эрх

10.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.энэ хуулийн 9.1.1-д заасан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж батлуулах, түүнийг хэрэгжүүлэх бодлого, салбар дундын болон бүс нутгийн зохицуулалтаар хангах;

10.1.2.Монгол Улсын гол, мөрөн, түүний сав газрын хэмжээ байгалийн нөхцөл, урсац бүрэлдэх зүй тогтол, нөөцийн хуваарилалт байгалийн болон засаг захиргааны хил хязгаарыг үндэслэн сав газрыг байгуулж, сав газрын захиргааны бүтэц, зохион байгуулалтыг батлах;

10.1.3.усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох, усны хяналт-шинжилгээ хийх, усны сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга байгууламжийг ашиглах, эзэмших, ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам, зааврыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, батлах;

10.1.4.сав газрын менежментийн төлөвлөгөөний аргачилсан зааврыг боловсруулж батлах;

10.1.5.усны хайгуул, судалгаа хийх мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах;

10.1.6.усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах;

10.1.7.хилийн усны талаарх олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх;

10.1.8.голын голдирлыг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах;

10.1.9.улсын мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих;

10.1.10.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам батлах;

10.1.11.сав газрын захиргааны даргыг томилох, чөлөөлөх;

10.1.12.ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтыг батлах;

10.1.13.энэ хуулийн 5.2-т заасан хайгуул судалгааны ажлыг зохион байгуулах;

10.1.14.усны хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөө боловсруулж батлах, хэрэгжүүлэх, хайгуул, судалгааны ажлын явцад хяналт тавих; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.15.усны ашиглах боломжит нөөцийн хэмжээг сав газрын хэмжээнд ашиглалтын зориулалт бүрээр тогтоон боловсруулах, мөрдүүлэх; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.16.энэ хуулийн 4.9-д заасан усны нөөцийн дээд хязгаарыг тогтоох санал боловсруулах; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.17.улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбогдолтой мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.18.улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.19.усны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.20.ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулах,  хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.21.сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн байгаль хамгаалагчийг усны харилцааны талаарх нэгдмэл удирдлагаар хангах, энэ хуулийн 28.4-т заасны дагуу гаргасан сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлт, түүнчлэн усны мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.22.голын голдирлыг өөрчлөх,урсацад тохируулга хийх, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.23.цооног өрөмдөх, худаг гаргах, усны барилга байгууламж барих, ашиглах судалгаа хийх,  дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.24.ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.25.рашааны эмчилгээний чанарыг тогтоосон стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж батлуулах; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.26.улсын нөөцөд бүртгэгдсэн рашааныг эмчилгээ-сувилгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар  ашиглах талаар дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.27.хадлан, бэлчээр, тариаланг усжуулах инженерийн хийцтэй услалтын систем барих ажлын хайгуул, судалгаа, зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт хийж, байгаль орчны болон, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.28.гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ, судалгаа явуулах эсэх талаар шийдвэр гаргах; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.29.усны чанарын болон хаягдал усны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай хамтран батлах; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.30.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

 

11 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн

 Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

11.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.усны тухай хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;

11.1.2.усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчинг нөхөн сэргээх, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар сав газрын захиргаа, Засаг даргаас оруулсан төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж, батлах;

11.1.3.Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах;

11.1.4.Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох; /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

12 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

12.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, үерийн аюул, болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх;

12.1.2.улсын зэрэглэлтэй хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгааны захиалга гаргаж, байгаль орчны болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;

12.1.3.ус, усан орчинг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах;

12.1.4.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах;

12.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

13 дугаар зүйл.Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

13.1.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 12.1.1, 12.1.3-т зааснаас гадна усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүй ашиглах, дур мэдэн цооног гаргасан үйл ажиллагааг таслан зогсоох;

13.1.2.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад рашааныг ашиглуулах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих;

13.1.3.усны нөөц хомсдох, гол, горхи, нуур, булаг, шанд, рашаан, худгийн ус ширгэх, бохирдох тохиолдолд тухайн эх үүсвэрээс ус ашиглахыг зогсоох, тэдгээрийг нөхөн сэргээх, ойжуулах, ургамалжуулах талаар шийдвэр гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;

13.1.4.мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн нутаг дэвсгэртээ хаягдал ус зайлуулах цэг тогтоох;

13.1.5.энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрөл олгох;

13.1.6.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх;

13.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

14 дүгээр зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх

14.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.нутаг дэвсгэртээ усны тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай баг, хорооны Засаг даргын мэдээллийг сонсох;

14.1.2.багийн нутаг дэвсгэрт байгаа худаг, усан сан, услалтын системийн ашиглалт, эзэмшлийг зохицуулах, бэлчээр, хадлан, тариаланг усжуулах зорилгоор худаг гаргах, хөв, усан сан, услалтын систем байгуулах талаар Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх;

14.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

15 дугаар зүйл.Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

15.1.Баг, хорооны Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, зохистой ашиглах, усны орчинг нөхөн сэргээх тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж хангах;

15.1.2.гол, горхи, булаг, шанд, рашааны эхийг хамгаалах, тохижуулах, мод тарих, ургамалжуулах, ундаргыг нэмэгдүүлэх, бохирдлоос сэргийлэх арга хэмжээнд иргэдийг татан оролцуулах;

15.1.3.нутаг дэвсгэртээ байгаа уст цэгийн ашиглалт, хамгаалалт, эзэмшилтэд хяналт тавих;

15.1.4.усны онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг сахиулах;

15.1.5.хуульд заасан бусад эрх.

 

16 дугаар зүйл.Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны

                              байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хүчингүй болсонд тооцсон./

 

17 дугаар зүйл.Сав газрын захиргааны бүрэн эрх

17.1.Сав газрын захиргаа нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг тухайн сав газартаа хэрэгжүүлнэ:

17.1.1.сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах;

17.1.2.сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;

17.1.3.бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах;

17.1.4.усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах; /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.5.сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах;

17.1.6.ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн энэ хуулийн 28.4-т заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх;

17.1.7.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох;

17.1.8.сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох;

17.1.9.ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах;

17.1.10.сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах;

17.1.11.сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах; /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.12.гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах;

17.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.

17.2.Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ.

 

18 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны бүрэн эрх

18.1.Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавьж, үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах; /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.2.аймаг, нийслэлийн усны мэдээллийн санг бүрдүүлж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сав газрын захиргааг мэдээллээр хангах; /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.3.усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчинг нөхөн сэргээх, ус хангамж, ариутгах татуургын болон хаягдал ус зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих;

18.1.4.ус ашиглагчид сав газрын захиргааны шийдвэр, энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулах, усны мэдээллийн санд бүртгэх;

18.1.5.ус, рашааны тоо бүртгэлийн дүнг нэгтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сав газрын захиргаанд хүргүүлэх; /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

19 дүгээр зүйл.Сум, дүүргийн байгаль хамгаалагчийн бүрэн эрх

19.1.Сум, дүүргийн байгаль хамгаалагч усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.хариуцсан нутаг дэвсгэртээ усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

19.1.2.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төлөлтөд хяналт тавих;

19.1.3.орон нутагтаа ус, рашааныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг сав газрын захиргаатай хамтран хэрэгжүүлэх;

19.1.4.энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглагчтай гэрээ байгуулан эрхийн бичиг олгож бүртгэх, мэдээллийг сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлэх.

 

20 дугаар зүйл.Сав газрын зөвлөл

20.1.Сав газрын захиргааны дэргэд сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих, олон талын оролцоог хангах үүрэг бүхий орон тооны бус усны сав газрын зөвлөл /цаашид “сав газрын зөвлөл” гэх/- ийг байгуулна.

20.2.Сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны төлөөлөл, байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын алба, төрийн бус байгууллага, сум, дүүргийн иргэн, ус ашиглагч, эрдэмтэн, судлаач, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл орсон байна.

20.3.Сав газрын зөвлөлийг байгуулах, ажиллах нийтлэг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

20.4.Сав газрын зөвлөл нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.4.1.ус хамгаалах, зохистой ашиглах шийдвэр гаргахад иргэдийн саналыг тусгуулах;

20.4.2.усны нөөцийг хуримтлуулах, ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх болон далан, суваг барих төсөлд санал өгөх;

20.4.3.сав газрын захиргааны усны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах шийдвэр гаргуулах, хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад санал хүргүүлэх;

20.4.4.ус ашиглагч нь гэрээ болон энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн гүйцэд хангаж байгаа эсэхэд хяналт тавих;

20.4.5.ус ашиглагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр хүлээсэн сөрөг нөлөөллийг бууруулах, учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

20.4.6.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих;

20.4.7.урсац бүрэлдэх эх, усны эх үүсвэрийн орчмыг хамгаалах, ойжуулах, тохижуулах, нөхөн сэргээх арга хэмжээг нутгийн иргэдийн дэмжлэг, санаачилга, мэргэжлийн байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулах;

20.4.8.усны барилга байгууламжийн зураг төсөл усны нөөцөд сөрөг нөлөөтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдвал барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх саналыг эрх бүхий байгууллагад гаргах;

20.4.9.ус ашиглахтай холбогдсон сав газрын захиргааны дүгнэлтийг хүчингүй болгох саналыг эрх бүхий байгууллагад гаргах.

 

21 дүгээр зүйл.Усны мэргэжлийн байгууллага

21.1.Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

21.2.Усны нөөцийн хайгуул, судалгааны ажлыг эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгоно.

21.3.Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.4.Усны мэргэжлийн байгууллагын эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага таван жилийн хугацаагаар олгох бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд эрхийг нь таван жил тутам сунгана.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

УСНЫ НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ, УСАН

ОРЧИНГ НӨХӨН СЭРГЭЭХ

 

22 дугаар зүйл.Усны нөөцийг хамгаалах

22.1.Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.

22.2.Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.

22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.

22.3.Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.

22.4.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.

22.5.Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагийг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

22.6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно.

22.7.Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна.

22.8.Гол, мөрний байгалийн үндсэн голдирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно.

22.9.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна.

22.10.Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:

22.10.1.рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг;

22.10.2.хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэх бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг;

22.10.3.хязгаарлалтын бүсийг усны мэргэжлийн байгууллага тогтоох.

22.11.Рашааны эрүүл ахуйн бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

22.11.1.рашаан шууд авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулах;

22.11.2.хог хаягдал хаях, химийн бодис хадгалах.

22.12.Рашааны хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

22.12.1.рашааныг ашиглах зориулалттай барилга байгууламжийг хаягдал ус цэвэрлэх, зайлуулах байгууламжгүй барих;

22.12.2.газар тариалан эрхлэх, мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх;

22.12.3.хог хаягдал хаях, хадгалах, бохирын цооног байгуулах.

22.13.Рашааны хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

22.13.1.ус, рашаан ашиглахтай шууд холбоогүй барилга байгууламж барих;

22.13.2.хог хаягдлын болон хаягдал ус зайлуулах байгууламж, цэг байрлуулах, нефтийн бүтээгдэхүүн, химийн бодис хадгалах.

22.14.Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэмийг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

22.15.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.14-т заасан рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчихийг хориглоно.

22.16.Рашааныг ашиглагч нь холбогдох хууль тогтоомж, технологийн горим зөрчсөнөөс рашааны орд, ундарга, нөөц хомсдож, чанар нь алдагдвал сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага ашиглалтыг зогсоож, нөхөн сэргээх ажлыг гэм буруутай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар гүйцэтгүүлнэ.

22.17.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж дууссан цооногоо битүүмжлэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэж өгнө.

22.18.Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг улс, орон нутгийн төсөв, байгаль хамгаалах сан, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлнэ.

 

23 дугаар зүйл.Ган, цөлжилт, хуурайшилтын үед усны

 нөөцийг хамгаалах, зохистой ашиглах

23.1.Ган, цөлжилт, хуурайшилтын үеийн тэнцвэрийг хангах зориулалтаар бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт, хиймэл нуур, цөөрөм барьж байгуулах ажлын талаарх тухайн нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж, бүх шатны Засаг дарга сав газрын захиргаатай хамтран зохион байгуулна.

23.2.Тухайн жилийн ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

23.3.Ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэл тогтоох болон энэ үед мөрдөх усны нөөцийн менежментийн талаарх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

 

24 дүгээр зүйл.Усны нөөцийг бохирдохоос хамгаалах     

24.1.Усны сан бүхий газарт цацраг идэвхт болон химийн хорт бодис, халдвар үүсгэгч, хог хаягдал, бохир ус хаях, хадгалах, машин техник, бохир зүйлс угаахыг хориглоно.

24.2.Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50 шоометрээс их, эсхүл энэ хуулийн 10.1.12-д заасан аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.3.Ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд сав газрын захиргаа, зохих шатны Засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ.

24.4.Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус зайлуулах цэгээ эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон журмын дагуу ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулсан байна.

24.5.Хаягдал ус зайлуулах зөвшөөрлийг усны мэдээллийн санд бүртгэнэ.

24.6.Хаягдал ус зайлуулах зөвшөөрөлд заасан хэмжээнээс болон хаягдал усны стандартаас хэтэрсэн бохир усыг удаа дараа хаясан нь ус ашиглах эрхийг цуцлах үндэслэл болно.

24.7.Энэ хуулийн 24.2-т заасан хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загварыг байгаль орчны болон хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 

25 дугаар зүйл.Ус бохирдуулсны болон хомсдуулсны төлбөр,

 нөхөн төлбөр тогтоох

25.1.Ус бохирдуулагч нь хаягдал усныхаа тоо хэмжээ, найрлагад хяналт тавих, хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн бохир усыг цэвэрлэж зайлуулах, ус бохирдуулсны төлбөр төлөх үүрэг хүлээнэ.

25.2.Ус бохирдуулагч нь бохирдуулах бодисыг хаягдал усны стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус бохирдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг ус бохирдуулсны төлбөрийг экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн гурав дахин нэмэгдүүлж бохирдуулах бодис бүрээр тогтооно.

25.3.Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Байгаль хамгаалах санд төлнө.

25.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хот, суурин газарт эзэмшиж, ашиглаж байгаа барилга, цардсан талбайн хэмжээгээр ус хомсдуулсны төлбөр төлнө.

25.5.Ус бохирдуулсны болон хомсдуулсны төлбөрийн хэмжээг хуулиар тогтооно.

25.6.Гэм буруутай этгээд энэ хуулийн 25.2-т заасан нөхөн төлбөр төлсөн нь түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

УС АШИГЛАЛТ

 

26 дугаар зүйл.Ус ашиглах зориулалт, төрөл

26.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна.

26.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан дараах байдлаар ангилна:

26.2.1.ус хэрэглэгч;

26.2.2.ус ашиглагч.

 

27 дугаар зүйл.Ус хэрэглэгчид олгох зөвшөөрөл

27.1.Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно.

27.2.Ус хэрэглэгч зөвшөөрөл авахдаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргах бөгөөд өргөдөлд дараах мэдээллийг тусгана:

27.2.1.ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ;

27.2.2.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар;

27.2.3.худгийн мэдээлэл.

27.3.Аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчийн худаг, цооногийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгоно.

27.4.Ус хэрэглэгч ашиглалтын зориулалтыг өөрчлөх, зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татахыг хориглоно.

 

28 дугаар зүйл.Ус ашиглагчид олгох зөвшөөрөл

28.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглах хүсэлтээ энэ хуулийн 28.4-т заасан этгээдэд гаргана.

28.2.Ус ашиглах хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана:

28.2.1.ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг;

28.2.2.ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглах боломжит нөөцийн талаарх дүгнэлт;

28.2.3.хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт;

28.2.4.барилга байгууламжийн зураг, төсөл;

28.2.5.үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт;

28.2.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт.

28.3.Рашаан ашиглах хүсэлт гаргахад энэ хуулийн 28.2-т зааснаас гадна дараах бичиг баримтыг нэмж хавсаргана:

28.3.1.усны мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, энэ хуулийн 4.5-д заасан усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулсан рашааны хязгаарлалтын бүсийн зураг;

28.3.2.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт;

28.3.3.рашааныг хамгаалах, ашиглах төсөл.

28.4.Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.5.Энэ хуулийн 28.4-т заасан этгээд ус ашиглах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор дүгнэлт гаргана.

28.6.Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ.

28.7.Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авна. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.8.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрлийг 10 хүртэл жилийн хугацаагаар олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн ус ашиглагчийн эрхийг тухай бүр 5 хүртэл жилээр сунгана.

28.9.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах зориулалт бүхий ус ашиглах зөвшөөрлийн хугацаа нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна.

28.10.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх нь өөрийн эзэмшлийн газар дахь ус ашиглах эрхийг төлөөлөхгүй.

28.11.Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ.

28.12.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны нөөцийг гэрээний үндсэн дээр хамтран ашиглаж болно.

28.13.Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон усны нөөцийг ашиглах тохиолдолд усны эрэл, хайгуул, судалгааны зардлыг ус ашиглагчаар эргүүлэн төлүүлнэ.

28.14.Аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны ашиглалтын нөөцийн баталгаажуулсан хэмжээ нь зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх төслийн үргэлжлэх хугацаа болон ашигтай ажиллах нөхцөлийг хангахаар байгаа тохиолдолд ус ашиглах эрхийг бусад аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй.

28.15.Аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны ашиглах боломжит нөөц нь тухайн хэрэгжүүлэх төслийн усны хэрэгцээг бүрэн хангаж, илүү гарах нөхцөлд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн бусад аж ахуйн нэгжийн хэрэгцээнд ашиглуулах бөгөөд усны эрэл, хайгуулын нийт зардлаас зөвхөн тухайн аж ахуйн нэгжид нийлүүлэх усны эрэл, хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлүүлж болно. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.16.Энэ хуулийн 28.14, 28.15 дахь хэсэг нь унд, ахуйн болон байгаль хамгааллын зориулалтаар ашиглах усны харилцаанд хамаарахгүй.

28.17.Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс, ус ашиглах эрхийн бичиг, гэрээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

28.18.Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно.

28.19.Байгальд халтай технологи бүхий үйлдвэр, үйлчилгээний газарт ус ашиглуулах дүгнэлт гаргахыг хориглоно.

 

29 дүгээр зүйл.Ус ашиглах гэрээ байгуулах, цуцлах

29.1.Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна.

29.2.Ус ашиглах гэрээнд дараах зүйлийг тусгана:

29.2.1.ус ашиглуулах тухай шийдвэр;

29.2.2.ус ашиглах зориулалт, хоногт ашиглах усны хэмжээ, чанар, найрлага;

29.2.3.усны эх үүсвэрийн байршил, барилга байгууламжийн зураг, төсөл;

29.2.4.хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага, хаях цэг, байршил зэргийг заасан хаягдал ус зайлуулах зөвшөөрөл;

29.2.5.ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ;

29.2.6.хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ;

29.2.7.усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ;

29.2.8.гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг;

29.2.9.шаардлагатай бусад зүйл.

29.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан ус ашиглах гэрээг дараах тохиолдолд зөвшөөрөл олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцална:

29.3.1.ус ашиглагчийн үүрэг болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;

29.3.2.байгаль орчныг хамгаалах тухай болон усны тухай хууль тогтоомж зөрчсөн;

29.3.3.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй;

29.3.4.усны эх үүсвэрийг бохирдуулсан;

29.3.5.усны тоолуур болон тохиргооны тоног төхөөрөмж суурилуулаагүй буюу ашигласан усны тооцоог хуурамчаар тооцсон;

29.3.6.сав газрын захиргааны шийдвэрээр.

29.4.Хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн усны эх үүсвэрээс ашиглаж байгаа бусад ус ашиглагчийн эрхийг төр өөрийн санаачилгаар цуцалж болно.

 

30 дугаар зүйл.Ус ашиглагчийн үүрэг, ус ашиглагчид

 тавигдах шаардлага

30.1.Ус ашиглагч дараах үүргийг хүлээнэ:

30.1.1.ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх;

30.1.2.хоногт 50 шоометрээс их ус ашиглагч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.7-д заасны дагуу дотоод хяналтын цэг, техник хэрэгсэлтэй байх ба усны хэрэглээ хариуцсан ус ашиглалтын менежер ажиллуулах;

30.1.3.хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авах, ашиглалтын явцад гарах бохир усыг хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх, эсхүл шууд зайлуулах;

30.1.4.ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах;

30.1.5.ус, рашааны нөөц ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлөх;

30.2.Рашаан ашиглагч энэ хуулийн 30.1-д зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:

30.2.1.рашаан, эрдэст нуур, эмчилгээний шаврын найрлага, чанарын үнэлгээний үзүүлэлтэд горимын ажиглалт хийлгэн баталгаажуулж, рашаан ашиглалтын бүртгэл хөтөлж, дүн мэдээг сав газрын захиргаанд хүргүүлэх;

30.2.2.үйл ажиллагаанаас гарах хаягдал ус, рашааныг цэвэрлэх байгууламж барьж ашиглах, эсхүл зайлуулах цэг тогтоолгох;

30.2.3.рашааны ордыг бохирдол, хомсдолоос хамгаалах зорилгоор рашааны эрүүл ахуйн болон хориглолтын бүсийн хил, заагийг мэдэгдэхүйцээр тэмдэгжүүлэх, хашиж хамгаалах.

30.3.Цацраг идэвхт бодис хэрэглэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал ус цэвэрлэх байгууламж нь түүнийг бүрэн арилгах тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

30.4.Хот, суурины унд ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээнээс үйлдвэрлэлийн зориулалттай усны эх үүсвэр, шугам сүлжээг тусгаарлана.

30.5.Биологийн нөөц хамгаалах байгууламжгүй болон усыг үргүй зарцуулж ууршуулах, газрын хөрсийг намагжих, давсжих, эвдрэхэд хүргэхээр усны барилга байгууламж, усан сан, далан, суваг байгуулахыг хориглоно.

30.6.Уул уурхайн олборлолтод ус ашиглах аж ахуйн нэгж, байгууллага ашигт малтмал баяжуулах усаа голын эрэг, голдирлыг үл хөндөн шахуурга, яндан хоолойгоор дамжуулан авна.

 

31 дүгээр зүйл.Ус ашигласны төлбөр

31.1.Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлнө.

31.2.Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг 50 хүртэл хувиар шатлан өсгөх хэлбэрээр тооцож төлөх бөгөөд шатлан өсгөх хэлбэрээр төлбөр тооцох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.

31.3.Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, нөхцөлийг хуулиар тогтооно.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

 

32 дугаар зүйл.Усны барилга байгууламж

32.1.Усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

32.2.Энэ хуулийн 32.8-д зааснаас бусад улсын чанартай усны барилга байгууламж барих шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, сав газрын захиргааны дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

32.3.Усны барилга байгууламжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно.

32.4.Усны барилга байгууламж эзэмших, ашиглах эрхийг тав хүртэл жилийн хугацаагаар олгож, сунгана.

32.5.Усны барилга байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бусдын усны хэрэгцээг гэрээний үндсэн дээр хангах үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж болно.

32.6.Зохих зөвшөөрлийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, сэргээн засварласан усны барилга байгууламж нь тэдгээрийн өмчлөлд байж болох бөгөөд харин усны нөөц нь нийтийн ашиглалтад байна.

32.7.Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий толгойн барилга байгууламж төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын өмчлөлд байна.

32.8.Услалтын систем барих, шинэчлэх, засварлах шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, сав газрын захиргааны дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

32.9.Усны барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр усаар хангана.

32.10.Усны аливаа барилга байгууламж нь паспорттай байна.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ

 

33 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

33.1.Усны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирлыг нөхөн төлүүлж, шүүгч, улсын байцаагч буюу байгаль хамгаалагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

33.1.1.энэ хуулийн 5.4, 6.5, 7.5-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин, албан тушаалтныг таваас арав дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

33.1.2.энэ хуулийн 11.1.4-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

33.1.3.энэ хуулийн 7.3, 12.1.4, 13.1.6, 15.1.4-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

33.1.4.энэ хуулийн 13.1.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

33.1.5.энэ хуулийн 17.1.9-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

33.1.6.энэ хуулийн 22.2.1-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөчөөс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

33.1.7.энэ хуулийн 22.6, 22.15-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас дөч дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

33.1.8.энэ хуулийн 22.11, 22.12, 22.13-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

33.1.9.энэ хуулийн 22.8, 22.17, 24.1, 24.4, 27.4, 28.18, 30.3, 30.5, 30.6-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арван тав дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

33.1.10.энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөчөөс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

33.1.11.энэ хуулийн 28.7, 28.19-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

33.1.12.ус ашиглалтын болон хаягдал усны бүртгэлийг хугацаанд нь явуулаагүй, тайлан, мэдээг үнэн зөв гаргаж өгөөгүй бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

33.1.13.усыг гэрээнд зааснаас бусад зориулалтаар, эсхүл зөвшөөрөлгүйгээр ашигласан буюу гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласнаа нуун дарагдуулсан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн ашигласан усны төлбөр төлөхөөс зайлсхийсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох, ус ашиглах эрхийг цуцлах;

33.1.14.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй ус ашиглагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

33.1.15.ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн ус ашиглагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

33.1.16.ус, рашаан ашиглах үүргийг биелүүлээгүй тохиолдолд ус ашиглах эрхийг нь зөрчлийг арилгатал хүчингүй болгох, эсхүл түдгэлзүүлэх бөгөөд ус, рашааныг ашиглах эрхийг хүчингүй болгох, хязгаарлах, зогсоох нь гэм буруутай этгээдийг хууль тогтоомжид заасан өөр төрлийн хариуцлагаас чөлөөлөхгүй.

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                      Д.ДЭМБЭРЭЛ

 


Нийтэлсэн огноо: 8 сар 31, 2012


Хуваалцах:

Хариулт үлдээх

Монгол Улсын Байгаль Oрчин, Hогоон Xөгжлийн Яам
© 2014 он. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам