Facebook Twitter

МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН 2006-2007 ОНЫ ТАЙЛАН

ХУРААНГУЙ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн  10  дугаар  зүйлд “Байгаль орчны төлөв  байдлын  хяналт  шинжилгээнд  байгаль орчны  төлөв  байдал, түүний  хувьсал  өөрчлөлтийн тандалт,  судалгаа, шинжилгээний дүн  мэдээнд  үндэслэн дүгнэлт гаргах, илэрсэн  сөрөг  өөрчлөлтийг  зогсоох,  арилгах арга хэмжээ боловсруулах үйл ажиллагаа хамрах”–ыг заасан байна. Мөн хуулийн 12.9 дүгээр зүйлд (хуучин заалтаар) “Засгийн газар байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жил тутамд 1 удаа УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэх бөгөөд түүнд дараах асуудлыг тусгана:

  • 1. байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулсан улсын төсвийн ба төсвийн бус хөрөнгийн зарцуулалт,
  • 2. байгаль орчны төлөв байдлын болон байгалийн баялгийн нөөцийн хувьсал, өөрчлөлт,
  • 3. байгалийн баялагийн нөөцийн ашиглалт, нөхөн сэргээлт,
  • 4.орчны бохирдлын эх үүсвэр, түвшин, түүнийг бууруулах талаар авсан арга хэмжээ, үр дүн”.

2007 онд батлагдсан “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”- ийн 47.1 болон 47.2.7 дугаар зүйлд Байгаль орчны төлөв байдлын тайланг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-аар хэлэлцэж байхыг заасан байдаг. Өмнөх жилүүдийн тайланг Засгийн газар, УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцээд өгсөн үүрэг, зөвлөмжийн дагуу Байгаль орчны сайдын 2007 оны 330 тоот тушаалаар “Байгаль орчны төлөв байдлын тайлан боловсруулах аргачлал”-ыг баталсан юм. Дээрх эрх зүйн үндсэн баримт бичгүүдийг үндэс болгон боловсруулсан “Байгаль  орчны  төлөв  байдлын 2006-2007 оны тайлан”-г Засгийн газрын хуралдаанд  хэлэлцүүлсэн байна.

Тайланг:

  • (1) Монгол  орны байгаль  орчин, уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал;
  • (2) Байгалийн  нөөц баялгийн  хамгаалалт, нөхөн  сэргээлт, ашиглалтын төлөв  байдал;
  • (3) Байгаль орчинд  үзүүлэх сөрөг нөлөөлөл,  түүний  хүчин зүйлс;
  • (4) Байгаль хамгаалах үйл ажиллагаанд зориулсан улсын төсвийн болон төсвийн бус хөрөнгийн зарцуулалт” гэсэн 4 бүлэгтэйгээр нэгтгэн бичсэн болно.

Төлөв байдлын тайланг байгаль экологийн төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлт, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн талаархи судалгаа, шинжилгээний ажлын дүн, тоо баримт, тайлан, мэдээ болон холбогдох яам, газраас ирүүлсэн мэдээ, тайланд тулгуурлан боловсруулав. Тайлан нь нийт 125 хуудас, 60 зураг, график, 63 хүснэгт, дүгнэлтээс бүрдэнэ.

Тайланд тусгагдсан үндсэн гол мэдээллийг багцлан дурьдвал:

Цаг агаарын төлөв, уур  амьсгалын өөрчлөлт, орчны  бохирдол:

Өнгөрсөн 2006, 2007 онуудад Монгол орны цаг агаар олон жилийн дундажтай харьцуулбал дулаан байсан хэдий ч хур бороо бага орсноос ихэнх нутагт гандуу байв. Жилийн дундаж агаарын температур олон жилийн дунджаас 2006 онд 0.5-2.80С-аар, харин 2007 онд 0.1- 5.70С-ээр тус тус дулаан, 2007 он нь 1940 оноос хойш ажиглагдсан хамгийн дулаан жил байлаа.

Зөвхөн 2007 онд Монгол Улсын хэмжээнд 415 сум, дүүрэгт нийт 3072 удаа байгалийн гамшиг, осол гарч, үүний улмаас 219 хүний амь нас эрсдэж, 253 хүн гэмтэн 10844 толгой мал хорогдож, 200.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

2007 онд нийт нутгийн 60 гаруй хувьд  буюу  165 сумдын нутгаар гандуу, 20 орчим хувьд буюу 14 аймгийн 63 сумдын нутгаар гантай зуссан тул, говийн  аймгуудад  цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас  нэмэгдүүлэх арга  хэмжээ авав.

Хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөрс элэгдэлд орж цөлжих, ургамал бүрхэвч хомсдох явц улам бүр нэмэгдэж, шороон шуурга, түйрэн олонтоо тохиолдож байна. Энэ нь зөвхөн Монгол орноор тогтохгүй, бүс нутгийн байгаль орчны тулгамдсан асуудал болж байна.

Монгол орны уур амьсгал өөрчлөгдөх явц тайлангийн хугацаанд үргэлжлэн ажиглагдаж, 1940-2007 оны хооронд агаарын температур 2.10С-ээр дулаарсан бол уулархаг нутгаар 1.9-2.280 С-ээр, говь тал хээрийн бүсэнд 1.60 -1.70 С -ээр  дулаарчээ. Монгол орны жилийн нийлбэр хур тунадас сүүлийн 68 жилийн дотор төв болон говийн бүсийн нутгаар 8.7-12.5 хувиар буурсан бол зүүн болон баруун бүсийн нутгаар 3.5-9.3 хувиар нэмэгдсэн байна.

2007 онд томоохон хотуудын агаар дахь хүхэрлэг хийн жилийн дундаж  агууламж 2-13 мкг/м3, Дархан  хотод  хамгийн их  агууламж  461 мкг/м3 -д хүрчээ.  Мөн  азотын давхар ислийн жилийн дундаж  агууламж  5-39  мкг/м3,  хамгийн их нь Дархан хотод 123 мкг/м3 хүрсэн тохиолдол гарч, бохирдлын хэмжээ нийтдээ 5 удаа “Агаарын чанарын стандарт”- аас  давж байжээ. Улаанбаатар хотын “Нарантуул” захын  орчимд  азотын давхар ислийн хэмжээ хүлцэх агууламж (40 мкг/м3 )-аас 2 дахин их хэмжээтэй байлаа. Улаанбаатар хотын баруун болон зүүн дөрвөн замын  уулзвар орчмын агаарт азотын давхар ислийн агууламж “Агаарын чанарын стандарт”-аас жилийн туршид давж ажиглагдсан нь автотээврийн хэрэгслээс азотын давхар исэл ихээхэн ялгарч байгааг харуулж  байна.

Хотын агаарын бохирдлыг багасгахын тулд иргэдийг орон сууцаар хангах, гэр  хорооллын  байршилд  дахин төлөвлөлт хийх арга хэмжээ авах, шинэ загварын нүүрсний бүрэн шаталттай зуухаар хангах, түлшний шаталтыг сайжруулан хоргүйжүүлсэн шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цахилгаан станцын зуухны шаталтын горим, ялгарах хорт утааг шүүх төхөөрөмж суурилуулах зэрэг арга хэмжээг  авч хэрэгжүүлж байгаа боловч үр дүн нь хангалтгүй байна. Иймд илүү үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Усны нөөц, түүний хосдол, бохирдол:

Улсын хэмжээгээр 2007 онд явуулсан усны тооллогоор нийт 5128 гол, горхи бүртгэгдсэнээс 852 нь ширгэсэн, 9306 булаг, шанд бүртгэгдсэнээс 2277 нь ширгэсэн, 3747 нуур, тойром бүртгэгдсэнээс 1181 нь ширгэсэн, 429 рашаан ус бүртгэгдсэнээс 60 нь ширгэсэн дүн гарсан байна. Энэ нь голын сав газрын хөрс, ургамал бүрхэвчийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны улмаас усны горим, нөөц, чанарт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Ундны усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж, суурилуулах ажлыг 2006 онд 17 аймгийн 42 суманд 364 сая төгрөгийн, мөн 2007 онд  15 аймгийн  37 суманд  288.7 сая төгрөгийн  төсөвт хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Газрын нэгдмэл сангийн 2007 оны тайлангийн дүнгээр усны сан бүхий газарт нийт 3598.2 га газар бохирдсоноос гадаргын болон гүний усны бохирдолттой 5 га, үйлдвэрийн болон ашигт малтмалын олборлолтоос бохирдсон усны эрэг хавийн газар 3526 га, бусад шалтгаанаар бохирдсон 37 га газар байна.

Усны бохирдлын хувьд Сонгинын булангаас доошхи газрууд болох Тавантолгойн гүүр, Хаданхясаа, Алтанбулаг орчмоор Туул голын ус “Маш бохир“ ангилалд хамрагдаж, эрдэс азот, эрдэс фосфор болон органик бодисын агууламж зөвшөөрөгдсөн хэмжээнээс 3- 30 дахин илүү  бохирдолтой байна.

Усны нөөц, горим, чанарт үзүүлэх сөрөг нөлөөллийн хэмжээ улам нэмэгдэж байгаа нь гол горхи, нуур цөөрмийн усны нөөц багасч горим алдагдах, улмаар хатаж ширгэх явдал эрчимжиж байна. Иймд “Усны тухай хууль”-ийг тууштай хэрэгжүүлэх, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ  авах шаардлагатай  байгаа  нь харагдаж  байна.

Ойн нөөц баялаг, экосистемийн төлөв  байдал:

Монгол улсын ойн сан бүхий газар 2007 оны байдлаар 19002.2 мянган га буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 12.1 хувийг эзэлж байна. Харин ойгоор бүрхэгдсэн талбай 13397.1 мянган га талбайг эзэлж байгаа нь нийт газар нутгийн 8.56 хувийг эзэлж байна. Ойн сан бүхий 1357 мян. га талбайд хохирол учирснаас түймэрт нэрвэгдсэн 879 мян.га, өвчин, хортон шавьжинд идэгдсэн 474 мян. га, ашигт малтмалын олборлолтонд өртсөн 1.1 орчим мян. га, мод бут, сөөг, загийг нь устгасан 2.2 мян.га газар байна.

Ойн хөнөөлт шавьжний судалгааны ажлыг 2006 онд 5 аймгийн 17 сумын 240.2 мянган га талбайд, 2007 онд 11 аймгийн 58 сумдын 897.6 мянган га талбайд явуулсан дүнгээс  үзэхэд  2006-2007 онуудын байдлаар Монгол орны ойн сангийн 1.138.108 га талбайд ойн хөнөөлт шавьж, өвчин тархаад  байна.

2007 онд 15 аймгийн 81 сумын нутаг, нийслэл Улаанбаатар хотын  7 дүүргийн ногоон бүс, Богд Хан уулын дархан цаазтай газарт нийт 216 удаа ой, хээрийн түймэр гарч, 1335.9 мянган га талбай түймэрт нэрвэгдсэнээс 512.3 мянган га талбай нь ой, 823.6 мянган га нь хадлан бэлчээр байна. Түймрээс учирсан нийт хохирол 196.3 тэрбум төгрөг байгаагаас байгаль экологийн хохирол 196.0 тэрбум төгрөг, эд материалын хохирол 33.1 сая төгрөг, зарцуулсан шууд зардал 343.8 сая төгрөг болсон байна.

2007 онд  6281 га талбайд ойг нөхөн сэргээх ажил хийснээс 3452.5 га талбайд ойжуулалт, 2828.5 га талбайд байгалийн сэргээн ургалтанд туслах ажил хийжээ. Ойг нөхөн сэргээх ажлын хэмжээ 2007 онд өсч, 2006 онтой харьцуулахад 37.9 хувиар нэмэгдсэн байна.

Ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, хөнөөлт  шавьж,  өвчнөөс  сэргийлэх, устгах  ажлыг эрчимжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, ой, хээрийн түймрийн аюулаас  урьдчилан  сэргийлэх талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.

Ургамлын аймаг, түүний сан хөмрөг, ашиглалт, хамгаалалт:

Байгалийн ургамлыг хамгаалах, ашиглах үйл ажиллагааг зохицуулах талаар 2006-2007 онуудад тодорхой ахиц гарсан байна. Гадаадад гаргасан нийт байгалийн ургамал болон түүхий эдийг авч үзвэл 2005 онд нийт гадаадад гаргасан ургамлын 90 хувийг хушны самар эзэлж байсан бол 2006 онд 89 хувийг нь дэрэвгэр жиргэрүү (Saposhnikova divaricata), 2007 онд  86 хувийг нь мөн дэрэвгэр жиргэрүү (Saposhnikova divaricata ) тус тус  эзэлж   байв.

Байгаль орчны сайдын 2007 оны 174 болон 241 дүгээр тушаалаар гадаадад гаргах зөвшөөрөл олгосон ургамлын нийт 60 зүйлээс 57 зүйлийн ургамалд нь түүж бэлтгэх зөвшөөрөл одоогоор олгоогүй байна.

Байгалийн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох ажлын хэсгийг Байгаль орчны сайдын 2007 оны 53 тоот тушаалаар байгуулж, судалгааны ажлыг 2007 оны 4 дүгээр сараас эхлээд байна. Байгалийн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход шаардагдах зардлыг “Байгаль хамгаалах сан”-гаас гаргаж  нийт  55 зүйл ургамлын үнэлгээг тогтоожээ.

Байгалийн ургамлын хамгаалалтын зөв хөшүүрэг бий болгохын тул одоо мөрдөгдөж буй хууль, дүрэм журам, стандартыг шинэчлэн улам боловсронгуй болгох мөн ховор ургамлыг тарималжуулан түүний нөөц болон генийн фондыг бий болгохыг зорин ажиллаж байна.

Амьтны аймаг, төрөл  зүйлийн  ашиглалт, хамгаалалт:

Зарим нэн ховор, ховор амьтдын амьдрах орчныг хамгаалах,  зохистой ашиглах  шинжлэх ухааны үндэслэл боловсруулах ажилд ахиц гарлаа. Баянхонгор, Төв, Өвөрхангай аймгуудын нутагт монгол тарваганы тархац, нөөцийн  судалгааг Төв, Өвөрхангай, Баянхонгор зэрэг  аймгийн 44 сумын нутагт хийжээ. Монгол орны  тарваганы хэсэгчилсэн  судалгааны дүн, хамгаалалын арга хэмжээг чанаржуулах шаардлага, үндэслэлийг харгалзан тарваганы тоо толгой, сүргийн бүтэц, үржил төлжлийг хэвийн нөхцөлд хүртэл өсгөж хамгаалах шаардлага байгааг үндэслэн 2007-2008 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг Байгаль орчны сайдын 2006 оны 370 дугаар тушаалаар хориглолоо.

Увс аймгийн нутаг дэвсгэрт хийгдсэн хээрийн судалгаагаар Сагил, Бөхмөрөн сумын 1956 км2 нутагт нийт 355 аргаль хонь, мөн Баянхонгор аймгийн Баянцагаан нуруу, Цэцэн уул, Бахарын уулын 731 км2 нутагт 7 орчим цоохор ирвэс, 324.3 км2 нутагт 127 янгир ямаа, Их Богдын нуруу, Тариатын нуруу, Жаран Богд, Дулаан богд уулсын 1288 км2 нутагт 16 орчим цоохор ирвэс, 324.3 км2  нутагт 127 янгир ямаа байгааг тогтоосон байна. Дээрхи нутгуудад 100 км2 газарт дунджаар 0.96-1.2 бодьгал цоохор ирвэс, 10 км2  нутагт 3.9-5.1  бодгаль янгир ноогдох  нягтшилтай байгааг тус тус тогтоожээ.

“Мазаалай  баавгай судлах, хамгаалах  арга  хэмжээ”  төслийг  хэрэгжүүлж, мазаалай баавгайд сансрын болон радио дохиолол бүхий хүзүүвч 2 бодьгалд зүүж зун, намрын байршлыг судалсны үр дүнд, Алтайн өвөр говьд 25-50 толгой мазаалай баавгай  байгааг тогтоожээ. 2007 оны байдлаар Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай аймгийн Тахийн тал Завхан аймгийн Хомын тал зэрэг 3 хэсэг газарт 300 гаруй тахь адуу нутагшиж байгаагийн 58 хувь нь задгай бэлчээрт зэрлэгээр өсч үржиж  байна.

Нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэг бүхий эдийн засгийн өндөр үр ашигтай зарим ан амьтныг хамгаалах, шинжлэн судлах, сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж, Монгол орны идлэг шонхор шувууны  тархац нөөцийн судалгаа, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Говь-сүмбэр, Хэнтий зэрэг аймгуудын аргаль хонь, янгир ямаа, харсүүлтий зээрийн тархац нөөцийн судалгаа, Хөвсгөл аймгийн Хатгал сумын Мэргэн ууланд  баданга хүдэр сэргээн нутагшуулах, Царцаа устгахад тахиа шувуу ашиглах бичил аж ахуй 3-ыг  байгуулах, Тураг  гогой шувууны тоо толгойг зохицуулах нүүдлийн экспедици ажиллуулах зэрэг арга хэмжээг зарим ТХГН-ын хамгаалалтын захиргаад, ШУА, МУИС, Ховор амьтдыг хамгаалах үндэсний комисс, Буга судлалын төв зэрэг байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлсэн байна.

Дорнод тал хээрийн бүсэд саарал чоно ховордож байгаатай холбогдуулан экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, саарал чонын популяцийг хамгаалах, тэдгээрийн тоо толгойн судалгаа явуулах зорилгоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутагт саарал чоно агнахыг  2008 оныг  дуустал хугацаагаар  хориглох тухай шийдвэрийг Байгаль орчны сайд гаргав.

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй орчин үеийн биотехнологийн үр дүнд бий болсон хувиргасан амьд организмыг гарган авах, тэдгээртэй аюулгүй харьцах, ашиглах, улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх харилцааг зохицуулах “Хувиргасан амьд организмын тухай” хуулийг УИХ 2007 онд батлан гаргав.

2006 онд нийт 18 аймгийн 60 гаруй сумын нутгаас давхардсан тоогоор 16 орны 400 гаруй анчин, 2007 онд нийт 15 аймгийн 60-аад  сумын нутгаас 22 орны давхардсан тоогоор 600 гаруй анчин ирж, улс орон нутгийн төсөвт 2006 онд 2539.7 сая төг, 2007 онд 3248.2 сая төгрөг төвлөрчээ.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент:

Монгол орны экологийн тэнцлийг хангах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, сүлжээг өргөжүүлэх ажлын хүрээнд  2006-2007 онд Увс аймгийн Ховд сумын Гоожуурын хүрхрээ орчмын  газрыг Түргэний  дархан цаазат газрын  хилийн  заагт,  Сагиль  сумын  Баянзүрх уул орчмын  газар нутгийг  Цагаан шувуутын  дархан цаазат газрын  хилийн  заагт,  Хөвсгөл аймгийн Улаан–Уул, Ренчинлхүмбэ сумдын Хорьдол сарьдагийн нурууны Жиглэгийн даваа, Дархадын хотгор орчмын газар нутгийг Хорьдол сарьдагийн дархан цаазат газрын  хилийн  заагт,  тус тус  хамруулж,  дархан цаазат газрын ангилалаар, Баян–Өлгий, Ховд аймгийн хилийн заагт орших  Мөнххайрхан уул, Баянхонгор аймгийн Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумдын  заагт орших  Их Богд уул, Өвөрхангай, Архангай аймгийн хилийн заагт орших Орхоны хөндийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Увс аймгийн Тэс сумын Тэсийн голын сав нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Даян дээрхийн орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авав.

2007 онд ТХГН-ийн сүлжээг өргөтгөх төлөвлөгөөний дагуу судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд Завхан, Говь-Алтай, аймгийн зарим сумдын нутаг, тухайлбал Хүнгүйн хар нуур, Улаагчины хар нуур, Монгол элсний орчмын газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангилалаар, Ховд, Увс аймгуудын хил залгаа орших  Алтан Хөхий  уул,  түүний  орчмын  газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн  Заг сумын нутагт орших Хүрэн бэлчир орчмын газар нутгийг дурсгалт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад хамруулахаар судалгаа шинжилгээний ажлыг 655.5 мянган га талбайд хийж УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад  байна.

2007 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд орон нутгийн хамгаалалтад 16.3 сая га бүхий 911 газар хамрагджээ. Энэ нь Монгол улсын нийт газар нутгийн 10.3 хувийг эзэлж байна.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ТХГН-ын сүлжээг өргөтгөн материаллаг баазыг бэхжүүлэх зорилт үндсэндээ хангагдаад байна.

Химийн  хортой бодисын сөрөг  нөлөөлөл, орчны  бохирдол:

Улсын хэмжээнд 2007 онд явуулсан химийн бодисын тооллогын дүнгээр, нийт 944 нэр төрлийн 8368959.2 кг химийн бодис бүртгэгджээ. Монгол улсад ашиглахыг хориглосон альдрин, гексахлорбензол, дильдрин зэрэг 3 төрлийн бодис Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод нийтдээ 18.5 кг үлдэгдэлтэй байгаа нь үзлэгээр тогтоогдсон байна.  Олон улсын хэмжээнд болон Монгол улсад хориглосон буюу хязгаарласан химийн бодисын үлдэгдэл улсын хэмжээнд ихээхэн хэмжээгээр хуримтлагдаад байгаад анхаарал хандуулж, шийдвэртэй сан байна.

Улсын хэмжээнд нийт 8 аймагт иргэд, аж ахуйн нэгжүүд химийн бодис хууль бусаар ашиглан алт олборлож, 200 мянга орчим тонн шлам, 37.35 га талбай мөнгөн усаар бохирдон, ялангуяа говийн болон төвийн бүсэд хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн байна. Иймд эдгээр шламыг нэг дор  аюулгүй байдлаар тээвэрлэн төвлөрүүлж хоргүйжүүлэх арга хэмжээг яаралтай авах шаадлагатай байна.

Улсын нэгдсэн үзлэг, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2007 оны 201 дүгээр тогтоол, Байгаль орчны сайдын 03 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, эдгээрийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх ҮХЯ, БОЯ, УМХГ, ОБЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2008 оны 1 дүгээр сарын 23-наас 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд төв, орон нутагт ажиллаж, хууль бусаар ашиглаж байсан тээрмүүдийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хайлуулж устгуулахаар ачуулж, 9 аймгийн 25 сумын нутагт 55.5 га газарт 53940м3 шлам химийн хорт бодисоор бохирдож аюултай хаягдал бүхий голомт үүсгэсэн болохыг тогтоож, 2008 оны 3 дугаар улиралд багтаан саармагжуулж, аюулгүй болгох бэлтгэлийг  хангах  ажлыг зохион  байгуулж байна.

Цаашид химийн аюулгүй байдлыг хангах урт хугацааны төрийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, байгаль орчинд хор, аюул учруулах нөхцөл боломжийг бусдад олгосон буруутай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай тооцох хариуцлагын тогтолцоо, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсний төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэх, доройтож, бохирдсон байгаль орчныг нөхөн сэргээх, хоргүйжүүлэн саармагжуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежмент:

Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх  аж  ахуйн үйл ажиллагаанаас шалтгаалж газрын хөрс ихээр эвдэгдэж, гол, горхи ширгэх зэрэг сөрөг нөлөөлөл ихээр гарч, уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх, алт болон  бусад эрдэс баялаг олборлолтын явцад ялангуяа мөнгөн ус, цианид зэрэг онцгой хортой химийн бодисыг хууль бусаар хэрэглэх явдал ихссэн  нь ихээхэн сөрөг үр дагавар  дагууллаа. Уул уурхайгаас гадна ХАА, газар тариалан, дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний олон салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, нэн ялангуяа эрдэс баялаг олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжих төслүүд өргөжиж, тэдгээрийн үйл ажиллагааны улмаас байгалийн унаган төрхийг алдагдуулан агаар, ус, хөрс, газрын хэвлийд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эрсдэл  дагуулах  боллоо.

Байгаль орчны яам 1995-2007 онд нийт 6043 төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаснаас 2006-2007 онд нийт байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний 450 тайланг үнэлгээний комиссын хурлаар хэлэлцэн баталж, нийтдээ ерөнхий үнэлгээний 802 дүгнэлт гаргажээ. 2007 онд ерөнхий үнэлгээ хийгдсэн төслүүдийн тоо нь өмнөх 2006 оныхоос 2 дахин өссөн дүн харагдаж байгаа нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүн  юм.

2006-2007 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаарх хууль, эрх зүйн орчин бүрдэж, үйл ажиллагаа сайжирсан байна. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн дагалдан гарах 3 журам, нэг аргачилсан зааврыг батлуулан мөрдөн ажиллаж байна. Үүнд: Байгаль орчны сайдын 2006 оны 119 дүгээр тушаалаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний комиссын ажиллах журам”, “Нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох, хянан магадлагаа хийх журам”, мөн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх аргачилсан заавар”-ыг, 2006 оны 195 дугаар тушаалаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээ хийх журам”-ыг тус тус батлан гаргаж,  мөрдүүлж  байна.

Газрын хэвлийн  нөхөнсэргээлт:

Газар, түүний хэвлийд учирсан хохирлын 2007 оны тайлан /ГТ-6 маягт/-гаас харвал  улсын хэмжээнд нийтдээ 14076.6 мянган  га газарт хохирол учирсан нь 2006 оныхоос  2998.0  мянган  га-аар  өссөн байна.  Ухагдаж эвдэрсэн нийт 43232.0 га газар байгаагаас геологийн эрэл хайгуулын ажлаас 1721.9 га, ашигт малтмалын олборлолтоос болж 14565 га, батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны улмаас 25483 га, барилга, инженерийн шугам сүлжээ барих, засвар үйлчилгээний ажлын улмаас 255.6 га, зам тээвэр холбооны барилга засвар үйлчилгээний ажлаас 1206.4 га газар тус тус ухагдаж эвдэрсэн байна. Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудад геологийн эрэл хайгуулын ажлаас улсын хэмжээнд  хамгийн  их  газрыг эвдрэлд  оруулжээ. Энэ бүхэн нь ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолт, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг  багасгах, байгаль орчинд нөлөөлөх байдлын болон эрсдлийн үнэлгээг хийлгэж, үр дагаврыг тооцсоны үндсэн дээр байгальд сөрөг нөлөөлөлгүй технологи нэвтрүүлэх нь чухал болохыг харуулж  байна.

“Байгаль орчин, түүний нөөц баялагт учруулах сөрөг нөлөөллийн төлбөрийн тухай  хууль” гаргах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох замаар байгаль орчинд учруулах бохирдол, хаягдлыг багасгах, бохирдуулагч нь төлөх, ашиглагч нь нөхөн сэргээх зарчим нь байгалийн нөөц баялгийн тогтвортой менежментийн үндсэн асуудал юм.

Байгаль хамгаалах үйл ажиллагааны төсөв, хөрөнгө:

Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг  нөхөн сэргээх талаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой зорилт тусгагдаж, жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс  санхүүжүүлж  байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос улс, орон нутгийн төсөвт 2006 онд нийт 66.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол  2007 онд  133.3 тэрбум болж,  2006 оныхоос 2 дахин өсчээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 2007 оны гүйцэтгэлийг  нөөц тус бүрээр нь гаргаж үзүүлбэл, нийт дүнгийн 1.0 хувь буюу 1320.4 сая төгрөг ойгоос мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрөөс, 2.0 хувь буюу 2725.0 сая төгрөг ус ашигласны төлбөрөөс, 15.1 хувь буюу 20093.7 сая төгрөг газрын төлбөрөөс, 79.6 хувь буюу 106207.1 сая төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 2.3 хувь буюу 3049.5 сая төгрөг агнуурын нөөц ашигласны төлбөрөөс  тус тус  бүрдэж байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 2007 оны гүйцэтгэлийн 79.6  хувийг  нөхөн сэргээгдэхгүй  байгалийн нөөц болох ашигт малтмалын нөөц  ашигласны  төлбөр эзэлж  байна.

Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг  нөхөн сэргээх талаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой зорилт тусгаж, жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс  санхүүжүүлж  байна.

Улсын төвлөрсөн төсвөөс байгаль орчны салбарын 2007 оны хөрөнгө оруулалтын зардалд 118.7 сая төгрөг, их засварын зардалд 63.0 сая төгрөг, тоног төхөөрөмжийн зардалд 801.0 сая төгрөг, усны хайгуул, судалгаанд 40.3 сая төгрөг, төсөл, арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад 200.0 сая төгрөг, байгаль орчныг хамгаалах, цөлжилт  хуурайшилттай тэмцэхэд 600.0 сая төгрөг, гадаргууны усны нөөц нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хангахад 250.0 сая төгрөг, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас усны хайгуул, судалгааны ажилд 400.0 сая төгрөг, үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах радарын тоног төхөөрөмж худалдан авахад 350.0 сая төгрөг  тус тус төлөвлөгдөж зарцуулсан байна.

2006-2007 оны төлөв байдлын тайланг энд дарж татаж авна уу.


Нийтэлсэн огноо: 11 сар 3, 2009


Хуваалцах:

Хариулт үлдээх

Монгол Улсын Байгаль Oрчин, Hогоон Xөгжлийн Яам
© 2014 он. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам