Facebook Twitter

Монгол орны биологийн төрөл зүйл, хамгаалалтын бодлого

Амьд организмын үндсэн ангиллын зүйлийн бүрдэл:

Бүлэг

Зүйл

Төрөл

Овог

Цоргот ургамал

2800

641

122

Хаг

930

133

39

Хөвд

417

162

38

Замаг

647

168

59

Мөөг

875

136

28

Хөхтөн

136

22

8

Шувуу

426

181

58

Хэвлээр явагч

22

14

7

Хоёр нутагтан

8

4

4

Загас

75

39

12

Нялцгай биетэн

36

Шавьж

12,000

3200

350

 

Биологийн төрөл зүйлийг хамгаалах, судалгааг өргөжүүлэх арга хэмжээ:

2005 оны 09 дүгээр сард Байгаль орчны яамнаас Увс аймгийн Байгаль орчны хэлтэстэй хамтран зарим суманд ховордсон ан амьтдын тооллого явуулав. Тооллогын явцад тус аймгийн малчин, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг суманд тарвага, буга, ирвэс зэрэг ан амьтны байршил, тархцын судалгаа хийж, тэдгээр амьтдын тоо толгойг нь тогтоохын зэрэгцээ тэдгээр амьтдын ховордож буй шалтгааны талаар судалгаа гаргав.

“Халиун буга сэргээн нутагшуулах тухай” Байгаль орчны сайдын 2005 оны 99 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газраас Байгаль орчны мэргэжлийн байгууллага “Бусо” ХХК-аар 8 толгой согооны илий /5 эр, 3эм/ бариулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, Дархан цаазат Богд хан ууланд 4 илий, Улаанбаатар хотын Гацууртад 4 илий бүгд 8 илий сэргээн нутагшууллаа.

Украин улсын Киев хотноо болсон Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны үеэр Укрианы тал Тахь морь, түүний удмыг сайжруулах зорилгоор цэвэр цусны 6 тахийг манай улсад бэлэглэхээр болжээ.

“Монгол орны агнуурын болон ховор хөхтний экологи” сэдэвт ажлын хүрээнд сансрын дохиолол бүхий хүзүүвчыг нийт 3 халздай дорго, 5 мануул мий, 3 шар үнэг, 14 хярс үнэгэнд зүүж, тэдгээрийн байршлыг “GPS” багажийн тусламжтайгаар сар бүр тэмдэглэж, амьтан тус бүрийн байршлыг тогтоох ажлыг хийсэн байна. Үүний үр дүнд мануул мийн эзэмшил нутгийн хэмжээг тогтооход эм мануул мийн цөм нутаг нь харьцангуй бага орон зайг хамарч байхад эр мануул мийн цөм нутаг нь нилээд том орон зайг хамарч байлаа.

Цагаан зээрийн хорголын судалгааны дүнгээс үзэхэд нийт тэжээлийн бүрэлдэхүүн хэсгийн 64.6 хувийг хоёр талт үрт ургамал, 28.4 хувийг нэг талт үрт ургамал буюу үетэн ургамал эзэлж байгааг тогтоож, цагаан зээрийн тэжээлд үетэн ургамлын оролцоо бага байна.

Цагаан зээрийн нүүдлийн судалгаагаар 4 зээрний байршилын нийт 180 гаруй солбицол хүлээн авч тооцоолоход долоо хоногт дунджаар 16.6-26.43 км, хамгийн их нь 132.03 км, нэг жилд хамгийн их нь 1585 км зайд шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Намрын улиралд хамгийн өндөр байхад, өвөл тэдгээрийн шилжилт хөдөлгөөн хамгийн богино байлаа. Мөн цагаан зээрийн эзэмшил нутаг (Home range)-ийг улирлаар нь гаргахад нүүдлийн зайтайгаа шууд хамааралтай байна. Нүүдлийн замналаас харахад ихэнх зээр өвлийн улиралд хил орчмын нутгуудаар өвөлжсөн нь өвлийн цагт идэш тэжээл хомсдон, ургамлын бүрхэвч багасхад, хил орчмын ургамалд татагдсан байж болох юм.

“Усны экосистемийн экологи, биобүтээмж” сэдвийн хүрээнд 2005 онд 140 гаруй хүн/хоног хээрийн судалгаа явуулан Хөвсгөл нуурын зүүн эргийн Борсог, Далбаа, Сэвсүүл, Ноён, Шагнуул, Тураг гол, Орхон-Сэлэнгийн сав нутаг (Ёрөө, Сэлэнгэ, Эг), Уст, Өгий, Дархадын хотгорын Тарган, Доод, Төгрөг, Хармай нуур, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн зарим булаг, шандаас нийт планктон амьтан ургамлын 50, ёроолын амьтны 35, дээд ургамлын 30 гаруй хатаадас цуглуулж эрдэм шинжилгээний санг баяжуулав.

Судалгаагаар Өгий нуурын ёроолын амьтны зүйлийн бүрдэлээр хамгийн баялаг (35 зүйл) байв. Энэ нь нэг талаас тус нуур нь хүний ахуйн нөлөөгөөр нилээд бохирдож, агнуурын загасны нөөц хомсдож буйн илрэл юм. Улиастайн цөөрмийн навчин хөлт хавч (Lepidurus apus)нь 5-14 хоног тутамд 25-82 ширхэг өндөг гаргаж, 14-21 хоногт 6.8 см урт, 2100 мг жинтэй болж бие гүйцэж байв.

Дархадын хотгорын Хармай, Доод нуураас жилдээ 5-10 тонн цагаан загас барих боломжтой. Тарган нуурын зарам загасны үржлийн хугацаа 11 сарын эхээс 12 сарыг дуустал үргэлжилж байна. Найман нуур, Улаагчны хар, Дархадын цагаан зарам загасны үржлийн хугацаанд агналтыг эрчимтэй явуулж байгаа нь эдгээр загасны нөөцөнд сөрөг нөлөө үзүүлж байна. Өвөрхангай аймгийн Найман нуураас цуглуулсан 1258 бодьгаль цагаан зарам загасны биометрийн үзүүлэлтэнд дисперс шинжилгээ, харьцуулалт хийснээр загасны экологийн нөхцөл сайн, бие гүйцсэн ч өсвөр загасны хэмжээ өсөж байгааг илрүүлсэн байна. Иймд загасыг үржлийн үед нь барихгүй байх хугацааг дахин хуульчлан тогтоох шаардллага гарч байна гэж дүгнэжээ.

“Монгол орны ойн шавж” сэдэвт ажлын хүрээнд Ойн модлог эдээр хооллогч Eutetrapha төрөл, Strangalia quadrifasciata, Eutetrapha chrysochloris, Phytoecia sp. хэмээх 3 зүйл эвэрт цохыг монголын шавжийн аймагт шинээр бүртгэн тус орны эвэрт цохын аймгийг баяжуулж модлогт гэмтэл учруулагч зүйлийг илрүүлэв.

Модлог эдээр хооллогч эвэрт цохын (Cerambycidae) овгийн Polyzonus fasciatus, Aromia moschata orientalis, Saperda 10- punctata хэмээх 3 зүйлийн дэлхэц нутгийг 60-100 км баруун тийш тэлж, монголын улаан номонд орсон болон тус оронд ховор тохиолдох Papilionidae, Sphingidae овгийн эрвээхэйн тархалтын шинэ цэгийг илрүүлсний дүнд модлог ургамлын хортон зүйлийн тархсан нутгийг шинээр тогтоов.

Dytiscidae овгийн Rhantus, Dytiscus, Hygrotus, Colymbetes, Ilybius, Coelambus, Acilius, Agabus, Laccophilus, Graptoderus, Hydrophorus, Oreodytes, Potamonectes зэрэг 13 төрлийн 29 зүйлийг илрүүлэв. Dytiscidae овгийн цох нуур, эсвэл маш бага урсгалтай намаг бүхий усан сан, өвс ургамал элбэгтэй тогтоол ус цөөрөмд тоо толгойн нягтшил ихтэй байна. Мөн урсгал усанд хэд хэдэн зүйл тохиолдох ба сэлэгч цох усны ph дунджаар 8.51 байх орчинд тохиолдож байсан нь ерөнхийдөө шүлтлэг орчинг сонгон амьдардагийг харуулж байна. Авгалдайн бойжилт 7-р сарын эхнээс 8-р сарын эх хүртэл хугацаанд явагдаж байна. Авгалдай, бие гүйцсэн цох хоёул махчин бөгөөд загасны түрс, жараахай, мэлхийн шанаганцараар хооллоно. Эдгээрийг жижиг усан сан цөөрмийн махчид гэж нэрлэх нь ч байдаг. Авгалдайгаас хүүхэлдэй шатанд шилжихдээ уснаас хуурай газар гарч эрэг орчим аргал эсвэл чулуун доогуур орж тэндээ хөдөлгөөнгүй, мөн ямар ч бодисын солилцоогүйгээр ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа бие гүйцнэ. Сэлэгч цохын биологи, экологийн энэ судалгаа манай орны хувьд хийгдэж буй анхны ажил бөгөөд цаашид усны бохирдлыг тогтооход индикатор болгон ашиглах боломжтой.

“Монгол орны зарим зэрлэг амьтдын генетик онцлог” сэдэвт ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяа Баянтоорой багийн илжиг адууны 50, гэрийн тэмээний 50, Баянтоорой багийн “Захын ус” гэдэг газарт цэврээр нь гаршуулан үржүүлж буй хавтгай тэмээний 17, мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх омгийн монгол адууны 150 нийт 267 ширхэг цусны дээж цуглуулав. Дээрх 50 илжиг, 50 монгол адууны цусны лейкоцитээс ДНК ялгав.

Монгол үхрийн AG-ISSR, GA-ISSR маркерийн судалгааг хийж гетерозигот чанар харьцангуй өндөр төвшинд буюу 0.629 байгааг, BoLA-DRB3 генийн экзон 2-ын Rsa I болон Xho рестрикцийн судалгааг хийж лейкозод тэсвэртэй аллелийн давтамж ихийг тогтоов.

Монгол адууны генотипийн жишил судалгааг UBC-85 UBC-126 праймерыг ашиглан RAPD-PCR ба митохондрын ДНХ-ийн D-гогцооны нуклеотидын дарааллыг тогтоох аргаар адууны гарал үүслийг шинжлэх судалгаагаар монгол адууны гетерозигот чанар адууны бусад үүлдрүүдтэй харьцуулахад нилээд өндөр буюу 0.52 байгааг тогтоосны зэрэгцээ монгол адуу нэлээд эртний гаралтай (0.36 Mya) болохыг тооцоолон гаргав.

Байгалиа шүтэх, хайрлах ёс заншил, уламжлалыг өнөөгийн байгаль орчныг хамгаалах 30 гаруй хууль, тэдгээрийн холбогдох журам эрхзүйн тогтоомж, 26 орчим хөтөлбөрийн зорилго, үзэл баримтлалд нь шингээн тусгаж, байгалийн нөөц, баялаг, ус, ой, ургамал, амьтан газар нутаг, тэдгээрийн орчин, рекрацын нөөц бүхий үзэмжит сайхан нутгийг тусгай хамгаалалтад авч, хот суурины газар, ногоон байгууламжийг хамруулан хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогоор удирдан зохицуулах эрхзүйн орчинг бүрдүүлэн мөрдөж байгаа хэдий ч сувьдаг шунахай сэтгэлтэй хүмүүсийн гарт ховор амьтан, ой мод, ургамлын гаралтай түүхий эд зүйлс ихээр өртөж, тоо, толгой нь цөөрч, хорогдож байгаа мэдээ баримтын хуудас улам зузаарч байгаад Улсын мэргэжлийн хяналтын газар, холбогдох байгууллагын ажлын нягт уялдаа, хамтын тэмцэл дутагдаж байгаад дүгнэлт хийж, дорвитой арга хэмжээг чиглэл тус бүрээр нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.


Нийтэлсэн огноо: 1 сар 4, 2009


Хуваалцах:

Хариулт үлдээх

Монгол Улсын Байгаль Oрчин, Hогоон Xөгжлийн Яам
© 2014 он. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам