2008 онд хийгдсэн ажлын тайланг энд дарж татаж авна уу.
Засгийн газрын 2008 оны 127 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын баталсан төлөвлөгөө, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлөөс боловсруулсан зөвлөмжийн дагуу 2009 оны 9 дүгээр сарын 28-ны байдлаар дараах ажиллагааг гүйцэтгээд байна.
Үүнд:
I. Тээвэрлэх, саармагжуулах ажлын талаар
Төвийн бүс
Төв аймгийн Жаргалант сумын Талбулаг багийн нутаг Нарантолгой дахь “Тэн хун” ХХК-ийн хаягдлын санд төвлөрүүлсэн шламнаас мөнгөн ус, алтыг ялгах ажиллагааг “Мин лаб” ХХК, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бортолгойн хаягдлын санд төвлөрүүлсэн шламнаас алт, мөнгөн усыг ялгах ажиллагааг Чех улсын Байгаль орчны яамнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд технологийн дагуу явуулж нийт 79 кг мөнгөн ус ялгаж авсан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Малгар ууланд байгуулсан хаягдлын талбайд натрийн цианидаар бохирдсон нийт 21495 м3 шламыг төвлөрүүлж 4.8 тн хүхрээр саармагжуулан эрүүл хөрсөөр хучилт хийж орон нутагт хүлээлгэж өгөв.
Тус сумын нутаг дэвсгэрт 1956 онд алт олборлох үйл ажиллагаанд ашиглагдаж байсан мөнгөн ус алдагдсны улмаас Бороо голын дагуу үүссэн бохирдлын шинжилгээний үр дүнг үндэслэн Бортолгойн хаягдлын цэг рүү тээвэрлэх ажиллагааг 8 дугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд уг ажиллагаанд ОБЕГ-ын харъяа Авто баазын 2 аврагч, 2 механизм, түрээсийн 5 тээвэрлэгч автомашин нийт 7 техник ажиллаж 10245 м2 талбайд хөрс хуулалт хийж, 670 удаагийн рейсээр 10050 м3 шлам, хайрга тээвэрлээд байна.
Говийн бүс.
Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Баян-овоо, Хүрмэн, Баяндалай, Ноён, Гурвантэс зэрэг сумдын нутаг дэвсгэрт хууль бус ажиллагааны улмаас үүссэн химийн бодисоор бохирдсон шлам, хаягдлыг тээвэрлэх ажлыг 7 дугаар сарын 19-өөс эхэлсэн бөгөөд уг ажиллагаанд ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 2 аврагч-химич, аймаг болон сумын мэргэжлийн хяналтын байгаль орчны улсын байцаагч, тээврийн хэрэгслийн жолооч зэрэг нийт 40 хүн, ачигч механизм 2, тээвэрлэгч автомашин 32, трайллер 2, нийт 36 техник хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж 7 сумын 63 цэгээс 13376 м3 мөн хувиараа шлам тээвэрлэсэн иргэдийн 904,6 м3 нийт 14280 м3 буюу 21420 тн шлам, хаягдлыг 1 цэгт төвлөрүүлж 26076,6 м2 талбайд хөрс хуулалт хийж, саармагжуулав.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Чулуут нуруу” гэдэг газарт баруун талын 4 сумын нутаг дэвсгэрт үүссэн 1173 м3 хаягдлыг булшлах 776 м3 эзэлхүүнтэй хаягдлын санг шинээр байгуулах ажлыг БНСУ-ын “Хэиэн инк” ХХК -тай хамтран гүйцэтгэв.
Говийн бүсэд үүссэн мөнгөн ус, цианидаар бохирдсон шлам, хаягдлыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Дөрвөлжин тээг”-т төвлөрүүлж шламыг дахин боловсруулж 1, 919 кг мөнгөн ус, 6480, 1 кг алтыг ялгасан ба үйл ажиллагааг “Буман трейд” ХХК гүйцэтгэж байна.
Хангайн бүс
Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт хууль бус ажиллагааны улмаас үүссэн химийн бодисоор бохирдсон шлам, хаягдлыг тээвэрлэх ажлыг 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 18-ныг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ба уг ажиллагаанд ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 2 аврагч, аймаг болон сумын мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч, тээврийн хэрэгслийн жолоочзэрэг нийт 11 хүн ачигч механизм 1, тээвэрлэгч автомашин 8, трайллер 1, нийт 10 техник хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж 28 цэгээс 2446 м3 буюу 3669 тн шлам, хаягдлыг Баяновоо сумын “Цагаан цахирт” ХХК-ийн хаягдын санд төвлөрүүлж, 25831 м2 талбайд хөрс хуулж, тээвэрлэлт хийх боломжгүй 6 цэгт зориулалтын бодис ашиглан саармагжуулах ажлыг зохион байгуулав.
Засгийн газрын 127 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2009 оны 09 дугаар сарын 28- ны байдлаар Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-алтай аймгийн 19 сумдын нутаг дэвсгэр 93 цэгт хуримтлагдсан 26800 м3 буюу 40200 тн шламыг тээвэрлэж химийн бодисоор бохирдсон 58107 м2 талбайд хөрс хуулалт хийж саармагжуулах ажиллагаа явагдаж, боловсруулсан шламаас 79 кг мөнгөн ус, 6 480, 1 кг алт ялган аваад байна.
II. Хяналт шинжилгээ
Химийн бодисоор бохирдсон шламыг тээвэрлэлт болон саармагжуулалт хийсний дараа үр дүнг тогтоох зорилгоор хөрснөөс дээж авч мөнгөн усыг тодорхойлох шинжилгээг хийж байна.
III. Бусад
1. Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөц газрын дарга Д.Энхбат, Хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн, МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын албаны дарга, улсын ахлах байцаагч Б.Саран холбогдох албан тушаалтнууд болон Өдрийн сонины сурвалжлагч нар 9 дүгээр сарын 11-20 ны өдрүүдэд орон нутагт хамтран ажиллав.
2. Мөнгөн ус, натрийн цианидаар бохирдсон хаягдлыг саармагжуулахад шаардлагатай нунтаг хүхрийг уг ажиллагаанд ашиглаж байна.
3. Нийт ажиллагсдыг томилолт болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хамгаалалтын хувцас, малгай, нүдний шил, хошуувч зэргээр хангасан.
4. Химийн хорт бодисыг дахин боловсруулалтад оруулж алт, мөнгөн усыг ялгах, саармагжуулах ажиллагааг Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Баянгол, Өмнөговь аймгийн Ханбогд сумдын нутаг дэвсгэрт явуулж байна.