МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2006 оны 05 сарын 25 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот

 

 

 

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

 

Энэ хуулийн зорилт нь химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

 

2.1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль4, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль5, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль6, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль7, Гамшгаас хамгаалах тухай хууль8, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

__________________________

 

1 Монгол Улсын Үндсэн хууль ТМ сэтгүүлийн 1992 оны № 1 дүгээрт нийтлэгдсэн.

2 Байгаль орчныг хамгаалах тухай - ТМ сэтгүүлийн 1995 оны №5-6 дугаарт нийтлэгдсэн.

3 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай - ТМ сэтгүүлийн 2001 оны № 6 дугаарт нийтлэгдсэн.

4 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай -ТМ сэтгүүлийн 1998 оны № 3 дугаарт нийтлэгдсэн.

5 Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай -ТМ сэтгүүлийн 2000 оны № 43 дугаарт нийтлэгдсэн.

6 Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай -ТМ сэтгүүлийн 2003 оны № 47 дугаарт нийтлэгдсэн.

7Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай -ТМ сэтгүүлийн 2004 оны № 21 дүгээрт нийтлэгдсэн.

8 Гамшгаас хамгаалах тухай -ТМ сэтгүүлийн 2003 оны № 25 дугаарт нийтлэгдсэн.

 

2.2. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зэрэг эмийн, түүнчлэн цацраг идэвхт болон хүнсний зориулалттай химийн бодистой холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

 

2.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

 

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1. химийн хорт бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

 

3.1.2. химийн аюултай бодис гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

 

3.1.3. хориглосон химийн бодис гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглосон химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг;

 

3.1.4. хязгаарласан химийн бодис гэж зөвхөн зөвшөөрсөн газарт, заасан зориулалт, хэмжээ, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг;

 

3.1.5. пестицид гэж мал, амьтан, ургамлыг аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

 

3.1.6. химийн хорт болон аюултай бодисын хаягдал гэж олон улсын гэрээгээр ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодис, түүнчлэн хадгалах, ашиглах хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон, тэрчлэн нэр томъёо, ашиглах хугацаа тодорхойгүй химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн үлдэгдэл болон сав, баглаа боодлыг ;

 

3.1.7. химийн хорт болон аюултай бодисыг устгах гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн хаягдлыг хоргүй ба аюулгүй болгон зайлуулахыг;

 

3.1.8. эрсдлийн үнэлгээ гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдэлтэй харьцах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг судлан тогтоож, үнэлгээ өгөх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар авах арга хэмжээг тодорхойлохыг;

 

3.1.9. хүлцэх хэмжээ гэж химийн хорт болон аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх хамгийн дээд агууламжийг.

 

4 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын ангилал

 

4.1. Химийн бодисыг шинж чанар, үзүүлэх нөлөөллөөр нь:

4.1.1. хүний эрүүл мэндэд;

4.1.2. байгаль орчинд;

4.1.3. мал, амьтанд хортой ба аюултай гэж тус тус ангилна.

 

 

4.1.1. Хортой

4.1.2. Аюултай гэж тус тус ангилна.

4.2. Энэ хуулийн 4.1-д заасан ангилалд багтах химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

5 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой

холбогдох үйл ажиллагааны зөвшөөрөл

 

5.1. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, худалдах, ашиглах зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно.

 

6 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой

холбогдох үйл ажиллагааг зохицуулах

6.1. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ :

 

6.1.1. химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах журмыг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

 

6.1.2. химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;

6.1.3. ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, тэдгээрийн ашиглалтын хэмжээг хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран жил бүр шинэчлэн батлах;

 

6.1.4. энэ хуулийн 6.1.3-т заасан бодисыг турших, ашиглах журмыг хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

 

6.1.5. химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;

 

6.1.6. Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг тухай бүр шинэчлэн баталгаажуулах арга хэмжээ авч олон улсын байгууллагад мэдээлэх;

 

6.1.7. химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагааны мэдээ, тайланг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

 

6.1.8. химийн хорт болон аюултай бодис ашигласан үйл ажиллагааны нэгдсэн тайланг жил бүр гаргах;

 

6.1.9. химийн хорт болон аюултай бодис ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай зөвлөмж гаргах;

 

6.1.10. химийн хорт болон аюултай бодисын асуудлаар олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, эдгээр бодисын физик, химийн болон хор аюулын шинж чанар, осол, эрсдлийн үед авах арга хэмжээ, тухайн бодис, түүний хольц, хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх аргын талаархи мэдээллээр иргэдийг хангах;

 

6.1.11. Монгол Улсын нэгдэн орсон химийн хорт болон аюултай бодисын талаархи олон улсын гэрээг хэрэгжүүлэх ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрхлэх;

 

6.1.12. химийн хорт болон аюултай бодисын нөлөөллөөс үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд учирсан хор хөнөөлийг арилгахад олон улсын байгууллагаас тусламж хүсэх саналыг Засгийн газарт тавих.

6.1.13 Байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох худалдах эрх олгох.

 

6.2. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл Ерөнхий сайдын дэргэд, салбар зөвлөл холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллах бөгөөд Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

6.3. Цэргийн зориулалттай химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд энэхүү үйл ажиллагаатай холбогдолтой тайлан, мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

 

6.4. Энэ хуулийн 6.1.6-д заасан хориглосон буюу хязгаарласан бодисын жагсаалтыг Засгийн газар батална.

 

7 дугаар зүйл. Мэдээллийн нэгдсэн сан

 

7.1. Энэ хуулийн 6.1.7-д заасан мэдээллийн нэгдсэн сан нь химийн хорт болон аюултай бодисын олон улсын мэдээллийн сан, түүний жишигт нийцүүлэн бүрдүүлсэн улсын мэдээллийн нэгдсэн сангаас бүрдэнэ.

 

7.2. Эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, хил, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллага нь салбарын чиг үүрэгтэй уялдсан химийн хорт болон аюултай бодисын мэдээллийн сантай байх бөгөөд эдгээр нь энэ хуулийн 7.1-д заасан мэдээллийн нэгдсэн сангийн бүрэлдэхүүнд багтаж түүнтэй сүлжээгээр холбогдсон байна.

 

7.3. Энэ хуулийн 7.2-т заасан сангаас мөн хуулийн 6.1.10-д заасан мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ төлбөргүй олгоно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

Химийн хорт болон аюултай бодистой холбогдох

үйл ажиллагааг зохицуулахад тавих үндсэн шаардлага

 

8 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисоос

хамгаалахад тавих үндсэн шаардлага

 

8.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах арга хэмжээг өөрийн зардлаар авч хэрэгжүүлнэ.

 

8.2. Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөнө.

 

8.3. Химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг химийн зэвсгийн болон хорлон сүйтгэх үйл ажиллагааны зориулалтаар экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулахыг хориглоно.

 

9 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодис экспортлох,

импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон

үйлдвэрлэхэд тавих үндсэн шаардлага

 

9.1. Энэ хуулийн 5.1-д заасны дагуу химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, ашиглах зөвшөөрөл авахдаа тухайн бодисын талаар дараахь мэдээллийг бүрдүүлнэ :

 

9.1.1. бодисын нэр, томъёо;

9.1.2. худалдааны болон техникийн нэр;

9.1.3. олон улсын бүртгэлийн дугаар;

9.1.4. ашиглах газар, зориулалт, хугацаа, тоо хэмжээ;

9.1.5. физик, химийн болон хор аюулын шинж чанар;

9.1.6. болзошгүй осол, эрсдлийн үед авах арга хэмжээ;

9.1.7. үйл ажиллагаа явуулах ажлын байрны дүгнэлт;

9.1.8. тухайн бодис, түүний хольц, хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх арга.

 

9.2. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэхдээ энэ хуулийн 6.1.1-д заасны дагуу батлагдсан журмыг мөрдөнө.

 

10  дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис хадгалахад

тавих үндсэн шаардлага

 

10.1. Химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулахын байршлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зохих шатны Засаг дарга тогтооно.

 

10.2. Химийн хорт болон аюултай бодисыг түүний онцлог шинж чанарыг нь харгалзан зориулалтын тусгай агуулахад энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг баримтлан хадгална.

 

10.3. Хадгалж байгаа химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодол нь тухайн бодисын нэр, анхааруулах тэмдэг, аюулын шинж чанарыг тод, томоор бичсэн шошготой байна.

 

             Химийн хорт болон аюултай бодис алдагдсан тохиолдолд түүнийг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь цагдаа, тагнуулын болон холбогдох бусад байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэж, эрэн сурвалжлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

 

11  дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодис худалдахад

тавих үндсэн шаардлага

 

11.1. Тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис худалдахдаа худалдан авсан этгээдийн хаяг, бодисын нэр, төрөл, хэмжээ, ашиглах зориулалтыг заасан баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулж, нэг хувийг худалдан авагчид , үлдсэн хувийг өөртөө хадгална.

 

11.2. Химийн хорт болон аюултай бодисыг энэ хуулийн 6.1.1-д заасны дагуу батлагдсан журмыг баримтлан тусгай цэгээр дамжуулан хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээс тусад нь худалдана.

 

12 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэхэд

тавих үндсэн шаардлага

12.1. Химийн хорт болон аюултай бодисыг энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг баримтлан техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд уг тээврийн хэрэгсэлд анхааруулах тэмдэг, аюулын шинж чанарын тухай санамж байрлуулна. .

 

12.2. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэсний дараа тээврийн хэрэгслийг хоргүйжүүлж аюулгүй болгоно.

12.3. Химийн хорт болон аюултай бодисыг хүн, мал, амьтан болон бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно.

12.4. Химийн хорт болон аюултай бодисыг шуудангаар илгээх, нийтийн тээврийн хэрэгслээр болон ердийн хөсгөөр тээвэрлэхийг хориглоно.

 

13  дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис ашиглахад

тавих үндсэн шаардлага

13.1. Химийн хорт болон аюултай бодис ашиглахтай холбоотой үйл ажиллагааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр, талбайд явуулна.

 

13.2. Химийн хорт болон аюултай бодис ашиглах явцад тухайн ажлын байр болон байгаль орчинд эрх бүхий байгууллагаас тогтоосон химийн хорт болон аюултай бодисын хүлцэх хэмжээг хэтрүүлэхийг хориглоно.

 

13.3. Химийн хорт болон аюултай бодис ашиглах аж ахуйн нэгж, байгууллага өөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулан нутаг дэвсгэрийнхээ байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагчаар хянуулж мөрдөнө.

 

13.4. Химийн хорт болон аюултай бодистой харьцах ажилд мэргэжлийн зохих мэдлэг, дадлага туршлагатай 18-аас дээш настай хүнийг ажиллуулна.

 

13.5. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг химийн хорт болон аюултай бодистой харьцах ажилд ажиллуулахыг хориглоно.

 

13.6. Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллагчдад аюулгүй ажиллагаа, болзошгүй осол, эрсдлээс сэргийлэх болон анхны тусламж үзүүлэх сургалтыг өөрийн зардлаар зохион байгуулна.

 

13.7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтөлж, тайлан мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор, төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 1 дүгээр сард багтаан хүргүүлнэ.

13.8. Нэр төрөл, шинж чанар, хэрэглэх заавар нь тодорхой бус химийн хорт болон аюултай бодисыг эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй нөхцөлд ашиглахыг хориглоно.

 

13.9. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглахдаа энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг мөрдөнө.

 

14 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодис устгахад

тавих үндсэн шаардлага

 

14.1. Химийн хорт болон аюултай бодисын хаягдлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон цэгт энэ хуулийн 6.1.2-т зааснаар тогтоосон журмын дагуу хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хоргүй буюу аюулгүй аргаар устгах бөгөөд энэхүү ажиллагаанд тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, эрүүл ахуйн улсын байцаагч, онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтнээс бүрдсэн Комиссыг байлцуулна.

 

14.2. Энэ хуулийн 14.1-д заасан Комисс химийн хорт болон аюултай бодисын хаягдал устгасан тухай акт үйлдэж, сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

 

15 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисыг

улсын хилээр нэвтрүүлэх

 

15.1. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн мэргэжлийн хяналтын алба хяналт тавина.

 

15.2. Хилээр нэвтрүүлж байгаа химийн хорт болон аюултай бодисыг хилийн мэргэжлийн хяналтын алба бүртгэж, мэдээг улирал тутам байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

15.3. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг Засгийн газар тогтооно.

 

15.4. Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

 

16 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисын хүлцэх

хэмжээг тогтоох

 

16.1. Химийн хорт болон аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хүлцэх хэмжээг стандартаар тогтооно.

 

17 дугаар зүйл. Эрсдлийн үнэлгээ

 

17.1. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх, хадгалах, ашиглах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн бодисын эрсдлийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу заавал хийлгэнэ.

 

17.2. Эрсдлийн үнэлгээнд тухайн химийн хорт болон аюултай бодисын хор, аюулын шинж чанар, болзошгүй эрсдлийг судлан тодорхойлох, түүнээс сэргийлэх арга хэмжээ болон хаягдлыг хоргүйжүүлэн устгах асуудлыг тусгана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

Бусад зүйл

 

18 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох

үйл ажиллагаанд тавих хяналт

 

18.1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд улсын мэргэжлийн хяналтын алба хяналт тавина.

 

18.2. Иргэд, төрийн бус байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаархи санал, хүсэлтээ холбогдох төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

18.З. Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавина.

 

19  дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

19.1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч болон улсын байцаагч учирсан хохирлыг нөхөн төлүүлж дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

 

19.1.1. энэ хуулийн 6.1-д заасны дагуу батлагдсан журам зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;

 

19.1.2. энэ хуулийн 7 дугаар зүйл, 8.1, 8.2-ыг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

 

19.1.3. энэ хуулийн 10 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох;

 

19.1.4. энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

 

19.1.5. энэ хуулийн 12 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

 

19.1.6. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 20000-40000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;

 

19.1.7. энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

 

19.1.8. химийн хорт болон аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан, түүнчлэн эрсдлийн үнэлгээ хийлгээгүй бол хууль бусаар олсон орлого, ашиглаж байгаа химийн хорт болон аюултай бодисыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 30000-50000, аж ахуйн нэгж, байгуууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

 

19.1.9. энэ хуулийн 15.4-д заасныг зөрчсөн, зөрчихийг завдсан бол хууль бусаар олсон орлого, химийн хорт болон аюултай бодисыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.

19.1.10. энэ хуулийн 18.1, 18.3-ыг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;

19.2. Энэ хуулийн 8.3-ыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

19.3. Химийн хорт болон аюултай бодисыг зориулалтын бусаар ашигласан, болгоомжгүйгээр буюу санаатайгаар бусдын эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

20  дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх

 

20.1. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтан, эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ